2014年5月7日星期三

呈蒙古国总统 Tsahya Elbegdorj 的公开信 - Alha




Монгол Улсад ирээд 22 жил амьдарсан, эхнэр авч, охинтой болсон нэгэн өвөрлөгч /Сөнөд Алхаа/ залуугийн амьдрал дээсэн дөрөөн дээр иржээ.

Манай хууль, цагдаагийнхан энэ залууг хүний ёсноос гадуур удаан хугацаагаар эрүүдэн шүүж, хилс хэрэгт тулгахыг оролдож байснаа энэ сарын 15-ны дотор Хятад улсад албадан гаргахаар болсон байна.

Н.Алхаа хэрвээ Монгол Улсын иргэншил олдохгүй бол, хэрвээ хятадад албадан гаргахаар бол өөрийгөө шатаахаа мэдэгдсэн байна.

Ингээд Н.Алхаагийн Ерөнхийлөгчид хандаж бичсэн сүүлчийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА ӨРГӨДӨЛ ГАРГАХ УЧИР НЬ:

Монгол хүн, Монгол охины аав, Монгол Улсдаа 22 жил амьдарсан, гэм буруугүй Норовцэрэн овогтой Алхаа миний биеийг ГИХАЭГ-аас гэнэт 10 хоногийн дотор Монгол Улсаас сайн дураараа гар, гарахгүй бол албадан гаргана гэж тулган шаардсан тухай

Норовцэрэн овогтой Алхаа миний бие 1968 оны наймдугаар сарын 8-нд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Далай сумын Баян Эрдэнэ багт малчин ард М.Норовцэрэн, Д.Цэрмаа нарын зургаа дахь хүүхэд болон төрсөн. Намайг төрөх үед Соёлын хувьсгал ид явагдаж байсан тул цагийн эрхээр албан бичиг баримтад Вэнь Шин хэмээн хүчээр хятад нэрээр нэрлэсэн боловч гэр бүлийнхэн Алхаа хэмээх сайхан монгол нэрээр нэрлэсээр ирсэн билээ.

Эцэг эхийн гар дээр өсч хүмүүжээд, 1976-1987 он хүртэл сум, баг,хошуундаа монгол ерөнхий боловсрол эзэмшсэн. Нэг жил хонь хариулаад 1988-1992 онд Хөх хотод хүн эмнэлгийн сургуульд сурч төгссөн.

1992-1997 он хүртэл Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөн. 1994 онд Монгол Улсын иргэн Э.Ундармаатай гэр бүлээ батлуулж, дараа жил нь буюу 1995 онд амьдралын минь утга учир болсон Нандинцэцэг охин минь төрсөн билээ.

2010 онд хайрт хань Э.Ундармаа хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд одоо охин Нандинцэцэгийн хамт амьдарч байна.

Монгол Улсад миний бие 22 жилийн турш тасралтгүй амьдарч байгаа бөгөөд 1999 оноос хойш гадагш нэг ч удаа яваагүй билээ. Гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Хайрт ханиа бурхны оронд одсоноос хойш дөрвөн жилийн турш гэрт орж эм, гадаа гарч эр болж, өнчин охиноо асарч бойжуулахын тул үнэнч шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Монгол Улсад оршин суух биеийн үнэмлэхээ ч цаг тухайд нь сунгуулж ирсэн. Гэтэл 2014 оны тавдугаар сарын 5-ны өдөр Гадаадын Иргэн Харъяатын газраас “2014 оны тавдугаар сарын 15-ы дотор Монгол Улсаас сайн дураараа гарах, эс тэгвээс албадан гаргана” гэсэн Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Б.Уранчимэгийн гарын үсэгтэй 0000243 тоот албан бичиг өглөө. /Тус албан тоотыг хавсаргав/

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг /Хүний эрх, эрх чөлөө/-ийн 16-р зүйлийн 11-т зааснаар “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална” хэмээн заасан байдаг. Бурхан болооч Э.Ундармаа бид хоёр хайр дурлалаар холбогдож, сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон бөгөөд Монгол Улсын гэр бүлийн хуулийн дагуу бүртгэгдсэн болно. /гэрлэлтийн баталгааг хавсаргав/

Миний охин Нандинцэцэг нь Монгол Улсын иргэн бөгөөд би өөрийн өнчин охиныхоо сурч боловсрох, эрх чөлөөтэй амьдрах боломжыг хангах, асран хамгаалах эрх үүрэгтэй гэж бодож байна. Энэ эрхийг нь ч төр хамгаална гэж бүрэн ойлгож байна.

Миний бие БНХАУ-ийн иргэнээс гарах өргөдөл хүсэлтийг БНХАУ-ын Элчин сайдын яаманд удаа дараа өгсөн боловч, хууран мэхэлж, хавчин гадуурхах хандлага гаргасаар ирсэн. Мөн урьд нь Монгол Улсын Гадаадын иргэдийн асуудал хариуцсан албанд Монгол Улсын иргэншилтэй болох хүсэлт гаргаж байсан боловч “Хятадын иргэншилээс бидний зөвшөөрөлгүйгээр гарч болохгүй″ гэсэн сануулгыг байнга өгсөөр ирсэн. Мөн хууль хүчний байгууллагад ажиллаж буй зарим нэгэн үл бүтэх этгээдүүдийн зүгээс дүрвэж, цагаачилж амьдарч буй олон өвөр монголчуудад болон Норовцэрэн овогтой Алхаа миний биед хавчлага дарамт үзүүлсээр ирсэн.

Үүний нэг жишээ нь, Намайг 2013 оны нэгдүгээр сарын 17-ны үүрээр хаанаас хэн гэдэг нь мэдэгдэхгүй дөрвөн хүн гэрт хүч түрэмгийлэн ямар ч баривчлах тогтоол үзүүлэлгүйгээр дайран орж ирээд, баривчлан гавлаж аваад гарсан. Явж байх замдаа намайг асуухад “Чи очоод мэдэх болно оо” гэсэн. Тэгээд Нийслэлийн цагдаагийн газрын гурван давхарын өрөөнд оруулаад, хийх нь байтугай сонсч ч байгаагүй хэрэг тулгасан. Энэ тулгаж буй хэргийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлсэн. “За тэгвэл чамайг эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэж дагуулан бууж, тэр шөнийн ерөнхий жижүүр байсан Ж.Батбаяр дэд хурандаад хүлээлгэн өгсөн. Тэгээд мөн нөгөө л хятадуудтай холбоотой хэргээ хүлээ гэж дарамтлан, урагшаа Замын үүдийн цагдаа руу Ж.Батбаяр дэд хурандаа залгаж, “Одоо чи шууд урагшаа гарч, Эрээний цагдаагийн газар очиж, энэ хүний холбоотой бүх материалыг олж ир. Гэхдээ хэдэн монгол цагдаагийн нэр хэлж, тэр хэдтэй уулзаж болохгүй Шилийн голынх, нас нь ойролцоо юм байна таньж магадгүй″ гэж хэлсэн. Дараа нь энгийн хувцастай том биетэй хүн орж ирээд, “Та муусайн чоно нохойны эрлийзүүд, Хятад монголын харьцааг муутгах гэлээ” гээд шууд толгой түрүүгүй зодсон бөгөөд энэ хүн бол дэд хурандаа Энхбаяр гэдэг хүн байсан. Энэ хүн намайг “ална” гэж заналхийлдэг байж байгаад, дараа нь “алуулна даа” гэж заналхийлж, хилс хэрэг хүлээлгэхийг оролдож, дарамталдаг байсан. Зодуурын улмаас нүдний хараа муудсан, толгой байнга өвддөг болсон. Тэгээд Хан-уул дүүргийн прокурор руу дэслэгч Чинбат дагуулж очин, гарын үсэг зуруулаад, 461-р хорин ангид 17:00 цагт хүргэж өгсөн. Тэгээд 72 цаг хорьсон. Хорьсны дараа, бүтэн сайн өдөр дэслэгч Чинбат очиж аваад, тэр шөнөдөө НЦГ-ын ГХТГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаярт хүлээлгэж өгсөн. Хурандаа Ж.Батбаяр шатны хонгилд паарнаас гавлаж хонуулсан. Тэгээд дараа өдрийн 14:00 цагт манай гэрт нэгжлэг хийгээд, дэд хурандаа Ж.Батбаяр 2013 оны нэгдүгээр сарын 21-ий өдөр 17 цаг 50 минутад Түмэн-Очир овогтой Эрдэнэ-Очир, Эрдэнэбаатар овогтой Мөнхбаяр нарыг байлцуулан гэрчлүүлж, таван сая төгрөг барьцаалж, сулласан. /Барьцаа авсан тухай тэмдэглэлийг хавсаргав/

Энэхүү таван сая төгрөгийг надаас түр хэрэглэе гэж хэлээд өнөөг хүртэл эргүүлж өгөөгүй хэрнээ дэд хурандаа Ж.Батбаяр, дэслэгч Чинбат нар ээлжлэн өдөр бүр өглөөний 08:00 цагаас 17:00 цаг хүртэл мөрдөн байцаах газарт 10 сарын турш ажил хөдөлмөр хийлгэлгүй хохироож, сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамт учруулсан. Намайг НЦГ-т шалгагдаж байх үед нэг хэлтэст хамт ажиллаж байсан ахлах дэслэгч Бэхбат нь өнөөдөр ГИХАЭГ-ын Албадан гаргах албаны даргаар ажиллаж байна.

22 жил Монгол Улсдаа амьдарч, сайхан монгол бүсгүйтэй ханилж, сайхан үр хүүхэдтэй болж амьдарч ирсэн миний амьдралд хүн чанараар хөлийн чигчий хуруунаас доор цагдаа хүчний байгууллагын зарим нэгэн хүмүүс хар сүүдрээ тусгасан гэж бодож байна. Тусгаад зогсохгүй одоо миний амьдрал миний охины хувь заяагаар дооглон тохуурхаж, харь элэгтний хатуу цаазанд сөгдүүлэхээр зэхэж байна гэж ойлгож байна. Тиймийн тул Норовцэрэн овогтой Алхаа миний амь нас, миний охины аюулгүй байдлын төлөө таныг эрүүл саруул ухаанаар хандаж, авран хамгаалж, улсын эцэг хүний хайр ивээлийг хүртээнэ хэмээн найдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р бүлэг /Монгол Улсын төрийн байгуулал/

33-р зүйлийн 9-д “Монгол Улсын харъяат болох, харъяатаасаа гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх” эрх үүргийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж та Норовцэрэн овогтой Алхаа миний биед Монгол Улсад орогнох эрх, ус уух хувь тавилан, өнчин охиндоо эцэг байж, асран хамгаалах эрхийг олгоно уу?

Хэрвээ намайг Монгол Улсаас албадан гаргах үйлдэл хийх аваас би өөрийн биеийг шатааж, эргэн төрөх сүнсээ монголынхоо гал голомт, газар шороондоо үлдээнэ ээ. Энэ насандаа монгол хүн болж төрөөд, Монгол Улсынхаа иргэн болж чаддаггүй юм бол ирэх төрөлдөө монголдоо төрөх нь дамжиггүй болно.
Өргөдөл гаргасан:

Цагийн хавчлаганд Вэнь Шэн хэмээх хятад нэртэйгээсээ болж, хавчигдан гадуурхагдаж яваа Норовцэрэн овогтой Алхаа

2014 оны тавдугаар сарын 6

没有评论 :

发表评论

评论